Шууд Chart

Н.Лхагвасүрэн: Монголын цэргүүд үүрэг гүйцэтгэлтээр дэлхийд танигдсан

2025-03-18 12:28:37

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын орлогч хурандаа Н.Лхагвасүрэнг "Редакцын зочин" буландаа урьж ярилцлаа.

-Зэвсэгт хүчинд хэзээнээс алба хааж эхэлсэн бэ Энэ талаар яриагаа эхэлье?

Миний хувьд  олон анги байгууллагад ажилласан. Тухайлбал, 1995-2003 онд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид Салааны захирагч, 2003-2005 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Ротын захирагч, 2005-2007 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид Дайчилгааны офицер, 2007-2009 онд Зэвсэгт хүчний 303 дугаар ангид Дайчилгааны офицероор ажилласан. Мөн  2009-2011 онд Зэвсэгт хүчний 336 ангид Батальоны штабын дарга, 2016-2017 онд БХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуульд Хуурай замын цэргийн тэнхимийн даргаар ажиллаж байсан.

2017-2018 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид Ажиллагааны удирдлагын тасгийн дарга, 2018-2021 онд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд Захирагчийн орлогчоор ажилласан. 2021-2023 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн албаны хэлтсийн дарга, 2023 оны нэгдүгээр сараас одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байна.

Манай алба Зэвсэгт хүчний Жанжин штабын үндсэн үүргийг биелүүлж, бичиг баримтыг боловсруулах, мөн байлдааны дэмжлэг хангалтын төлөвлөлтийг боловсруулах, нэгдсэн ажиллагаа буюу төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах байгууллагын хамтарсан ажиллагааг төвлөх, цэргийн ёслолын үүргийг гүйцэтгэх, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, цэргийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

-Цэргийн алба хаана хаасан бэ. Тухай үеийн цэргийн албыг одоогийн үетэй харьцуулбал ямар байна вэ?

-Миний хувьд Цэргийн их сургуульд элсэн сонсогч болсон. Цэргийн сургуулиудыг шат дараалан суралцаж төгссөн. 1995-1996 онд ЦИС-ийн ахлагчийн сургууль, 1998-2002 онд БХИС-ийг Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр суралцаж төгссөн. 2011-2013 онд БХИС-ийн Удирдлагын академийг төгссөн. Ажил дээр гараад хугацаатай цэргийн алба хаагчидтай ажиллаж байх үед хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байсан. Одоо бол залууст цэргийн алба хаахад ямар нэгэн асуудалгүй болсон. Зэвсэгт хүчний Жанжин штабаас цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч олон ажил хийгдэж байгаа.

Тухайлбал, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсон. Мөн “Цэргийн дүрэм”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” шинэчлэгдэн батлагдсан. “Цэргийн алба хаагчийн ёс зүй дүрэм”-ийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлуулан мөрдүүлэн ажиллаж байна. Зэвсэгт хүчинд Хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх, дүрмийн бус харилцааг бууруулах, арилгах талаар төрийн болон төрийн бус байгууллагатай нягт хамтран ажиллах болсон.

 

 

-Сургалт ямар хугацаатай явагдаж байгаа вэ?

-Цэргийн сургалт бэлтгэл бүтэн жилээрээ төлөвлөгдөн явагддаг. Төлөвлөгөөт хичээл сургалтуудаас гадна Зэвсэгт хүчин өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоор Монгол бичгийн багш бэлтгэсэн. Авто техникийн анги болон орон нутагт ажиллаж байгаа жолооны дамжааг түшиглэж жолооны курсэд цэргүүдээ хамруулж түрүүчээсээ үнэмлэхээ авч байна. Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төвдаа Англи хэлний сургагч багш нарыг бэлтгэн хөтөлбөр, стандартын дагуу хэлний мэдлэгтэй офицер ахлагч нар гадаад хэлний сургалтыг зааж байгаа. Мөн Компьютер сургалтыг явуулж байгаа.

-Цэргийн алба хаасны дараа ангидаа үлдэж ажиллах боломж хэр байдаг вэ?

-Энэ нь нээлттэй байдаг. Цэргийн гэрээт алба хаагч, цалин урамшуулал аваад ажиллана. Мэргэжлийн Зэвсэгт хүчний үндсэн бүрэлдэхүүн болох ахлагчийн албанд алба хаах боломжтой. Сургалтад хамрагдаад ахлагч болсон олон залуучууд бий.

Цэргийн алба хаагчдын хэрэглэдэг ор дэвсгэр, тавилга хэрэгслийг 100 хувь шинэчилсэн

 -Энэ жил ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2023 оныг “Залуу офицеруудыг дэмжих”, 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарлаж энэ хүрээнд бүх талаар олон цогц арга хэмжээг амжилттай, өргөн хүрээтэй зохион байгуулсан. Харин энэ оныг “Ахлах офицеруудын жил” болгон зарлаж олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний үр дүнд цэргийн алба хаагчдын албандаа хандах хандлага улам дээшилж, албаны ухамсар сэргэж, соёлч боловсон харилцаа, ёс зүйг эрхэмлэсэн хандлага хэдийнэ төлөвшсөн. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин Жанжин штаб, Хүний эрхийн үндэсний комисстой “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулан ажиллаж байгаа нь мөн л үйл ажиллагааны шинэлэг хэлбэр гэж ойлгож болно. Хугацаат цэргийн алба хаагчид маань сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн дагуу Монгол бичиг, Англи хэл, Компьютерын болон Жолооны  сургалтад хамрагдах болсон. Түрүүчээсээ жолооны үнэмлэхээ гардан авч байна. Энэ мэт маш олон дэвшилттэй ажил хийгдэж байгаа. Сэтгэл зүй, соёл хүмүүжлийн ажилтануудыг үе шаттай бэлтгэж, хүнтэй ажиллах арга барилыг нь сайжруулахын зэрэгцээ Зэвсэгт хүчний Жанжин штабаас Сургалтын хөдөлгөөн бүлэг, Сэтгэлзүйн хөдөлгөөнт бүлгүүдийг томилон нэгтгэл анги салбаруудад ажиллуулж, урьдчилан сэргийлэх, соён гийгүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн цэргийн алба хаагчдын ахуй хангалтыг сайжруулах чиглэлээр олон ажил хийгдэж байгаа. Тухайлбал, Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын цалинг бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагынхтай ижил түвшинд очсон нь алба хаагчдын маань ажиллах урам зоригийг сэргээж өгч байна. 2020-2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар, орон нутгийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар Зэвсэгт хүчний 32 ангид барилга угсралт, инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэсэн.

Цэргийн алба хаагчдын хэрэглэдэг ор дэвсгэр, тавилга хэрэгслийг 100 хувь шинэчилсэн. Мөн цагийн хуваарьт тодорхой өөрчлөлт оруулсан байгаа. Ингэснээр хугацаат цэргийн алба хаагчдын албаа хаах ая тухтай орчин бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Офицер, ахлагчдын хээрийн хувцас болон бусад хувцасны хангалт илүү сайжирсан. Цэргийн хүрээ хотхонуудад цэргийн цагдаагийн нэгжийг байгуулж үйл ажиллагааг жигдрүүлсэнээр гэмт хэрэг, сахилгын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих тогтолцоо төлөвшлөө.

Мөн Зэвсэгт хүчний анги байгууллагад камерын хяналтын системийг бий болгож бүрэн камержуулсан. Мөн иргэдээс аливаа гомдал, мэдээлэл, санал хүсэлт авах тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж, гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Санал хүсэл, гомдол болон гарсан осол зөрчлийг нарийн бүртгэн мэдээллийн санг бүрдүүлж, түүний шиж чанар дүн шинжилгээ хийн дахин зөрчил давтагдахгүй байх талаар онцгой анхааран ажиллаж байна. Манай салбар өөрөө их онцлогтой. Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Энэ үүрэгтэй нийцсэн сургалт дадлагыг жилийн дөрвөн улиралд тасралтгүй явуулж байдаг.

Тогтмол сургалт дадлага хийгдэж байдаг учраас аливаа осол гэмтэл гарах магадлал өндөр байдаг. Иймээс бид энэ тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Сүүлийн дөрвөн жилд Зэвсэгт хүчинд сахилгын зөрчил буурсан үзүүлэлт гараад байгаа.

-Хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүй дээр хэрхэн анхаардаг вэ?

-Зэвсэг хүчний Жанжин штабаас удирдлага, төлөвлөлтийн бичиг баримт, анги салбар өгч байгаа албан даалгавар зэрэг нь тодорхой нэгэн зорилгод чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршдог. Шинэ үеийн залуучуудын авч байгаа мэдээлэл, гэрийн бүл, нийгмийн хүмүүжил, төлөвшил нь олон талт арга хэмжээнээс хамаардаг. Бид цэргийн өдөр тутмын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, цэргийн албандаа дасахад нь дэм болох зарим нэг шаардлагатай арга хэмжээг авч  байгаа. Аль болох ачааллыг хөнгөнөөс нь хүнд рүү чиглүүлэн дасгах нь чухал байдаг. Нэг жилийн хугацаанд тухайн хүн цэргийн албаны төлөвшлийг бүрэн дүүрэн олж авна гэвэл учир дутагдалтай. Зөвхөн Зэвсэгт хүчин биш бүх төр, нийгмийн байгууллага хамтарч цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь зөв хандлага, хүмүүжил төлөвшилтэй, эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг шударга, зарчимч, бүтээлч иргэдийг бэлтгэнэ гэж боддог. Хугацаат цэргийн албанд татагдаж ирж байгаа залуучуудын ихэнх хувь нь суурь өвчтэй байна. Цэргийн албан тэнцээд ирсэн залуучууд ачаалал даах чадвар болон сургалт, дадлага явуулахад хүндрэл учруулдаг. Үүнийг зөвхөн Зэвсэгт хүчин шийдэх биш. Бүх холбогдох байгууллага анхаарах асуудал гэж хардаг.  

Өнөөдөр дэлхий дахинд дайн, зэвсэгт тэмцэлийн агуулга, шинж чанар эрчимтэй өөрчлөгдөж байгаа. Энэ нь томьёоллоор уламжлалт бус олон хүчин зүйлс яригдаж байгаа. Батлан хамгаалах тогтолцоо бол бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, нэгдсэн төлөвлөлт бүхий дайчилгаа болон мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчнээс бүрдэх учиртай юм.

-Хугацаат цэргийн алба хаагч залуучуудын боловсролын түвшин ямар байна вэ?

-1990 оны сүүлээр 2000 оны эхээр  боловсролын түвшин багатай бичиг үсэг үл мэдэх цэрэг их ирж байсан. Салаа, салбарын захирагч нар нь бичиг үсэг заагаад явдаг байсан. Харин одоо бол харьцангуй өөр болсон. Дээд сургууль төгссөн, оюутан, гадаад суралцаж байгаад ирсэн залуучууд ирж байгаа. Боловсролын хувьд асуудал байхгүй. Харин гэр бүлийн хүмүүжил, сургуулийн боловсрол гээд олон мэдээлэл авдаг учраас залуучуудын сэтгэл зүй арай өөр болсон нь анзаарагддаг.

-Зэвсэгт хүчинд олон жил алба хааж байгаа хүний хувьд анхны цолоо авч байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

 -Ер нь бол офицерын цол авна гэдэг бол нэр төрийн баталгаа байдаг. Ямар нэг улс орны цэргийнхэн тэр дундаа офицерууд элит хэсэг байдаг. Цэргийн хүн гэхээр дөрвөн жил сураад цэргийн мөрдөс аваад явдаг гэдэг өрөөсгөл ойлголт бий. Офицерыг бэлтгэх тогтолцоо чинь хүний амьдралын бүхэл бүтэн 15-20 жилийн үйл ажиллагаа байдаг. Тухайн офицерын гаргасан аливаа шийдвэр маш олон хүний амь настай холбоотой байдаг учраас офицер хүн маш олон талын мэдлэг, чадварыг эзэмшсэн түүндээ дадлагажсан байх шаардлагатай.

Миний хувьд 2002 дэслэгч цол авч байсан. 2021 онд хурандаа цол олгогдож байлаа. Зэвсэгт хүчинд 30 жил алба хашиж байх хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан.  Тухайлбал, Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд гурван удаа тэргүүн байр эзэлж байлаа. 2020 онд “Шилдэг бүтээл - оновчтой санал” шалгаруулах уралдаанд судалгааны ажил маань шалгарч Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шагнал хүртэж байсан. 2021 онд миний ажиллаж байсан Цэргийн албаны хэлтэс маань Зэвсэгт хүчний Жанжин штабын “Тэргүүний бүтцийн нэгж”-ээр шалгарч байсан болохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Цаашид улам сайн ажиллана гэсэн бодол төрж, их урам зориг авдаг даа.

 

 

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан уу?

-Энхийг сахиулах ажиллагаанд гурван удаа оролцож, цэргийн багтай үүрэг гүйцэтгэж байсан. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдын сонгон шалгаруулалтыг бие тамирын шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцээд үүрэг гүйцэтгэхээр явдаг. Гадаад үүрэг гүйцэтгэж байгаа улс орнуудын хэмжээнд явагдаг Маршийн тэмцээнд Монгол цэргүүд маш амжилттай оролцдог. Монголын цэргүүд үүрэг гүйцэтгэлээр дэлхийд танигдсан. Монгол цэргүүдээр үүрэг гүйцэтгүүлэх сонирхолтой улс орнууд олон байдаг гэдгийг сонсож байсан. Зохион байгуулалт мэргэжлийн ур чадвар, биеийн болон сэтгэлзүйн ачаалал даах чадвар нь бусад орноос илүү байдаг. 

-Цаг зав хэр гардаг вэ?

-Төрийн тусгай алба хаагчийн зарим нэг эрх хязгаарлалтай. Илүү цагаар ажиллаа гээд илүү цагийн мөнгө авдаггүй. Ажлын цагтаа багтаж ажиллах ёстой гэдэг зүйл байхгүй. Харуул хоногийн манаа, хээрийн сургууль, хамтарсан сургалт, дадлага гээд ер нь уртасгасан цагаар ажилладаг шүү.

-Цаг зав багтай учраас гэр бүлдээ цаг зав гаргах асуудал ямар байдаг вэ?

-Ер нь бага талдаа шүү. Ар гэрийн ажлыг эхнэр, хүүхэд авч явдаг. Цэргийн хүний амжилттай яваа нь гэр бүлийхэний дэмжлэгтэй холбоотой гэж боддог.  

-Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй вэ?

-Манай гэр бүлийн хүн бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхэлдэг. Хоёр хүүхэдтэй.  Манай хүн ар гэрийнхээ ажил, үр хүүхэд болон бизнесийн ажил гээд бүх зүйлээ амжуулдаг даа.

-Ер нь эр хүн гэж таныхаар хэн бэ, таны бодлоор эр хүн ямар байх ёстой вэ?

-Даяаршиж өөрчлөгдөж байгаа дэлхийн ертөнцөд өөрийн гэсэн үндэс угсаа хэл соёл, өөрийн гэсэн дархлаагаа авч үлдэх нь улс, үндэстэн бүхэнд чухал асуудал. Эх орон ч үзэл, цэрэг эх оронч хүмүүжил энэ асуудалд онцгой чухал байр суурь эзлэх учиртай гэж боддог. Шинэ үеийн залуучууд эх орон ч үзлээс эхлээд Халх голын байлдааны ялалтын тухай мэдлэг мэдээлэл багатай. Үндэс угсаа, хэл соёл, эх орон ч үзэл төлөвшил гэдэг зүйл багасгаж байна уу даа гэж боддог. Жинэхэн эр хүн бол энэ бүх үнэт зүйлийнхээ үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг байх ёстой болов уу.

Офицеруудын залгамж чанар гэдэг зүйл байдаг

-Цэрэг армийн хүн тасралтгүй сурч явдаг гэлээ. Танд гарын шавь гэж бий юу?

-Офицеруудын залгамж чанар гэдэг зүйл байдаг. Цэргийн сургуульд суралцаад анги байгууллагад томилогдоод ажиллах үед ахлах офицеруудаасаа байнга суралцана. Тэд маань өөрийнхөө эзэмшсэн онол, дадлага бүхнээ л зааж өгдөг байсан. Тэр үеийн цэргийн дарга нар “Над шиг хий, над шиг бай” гэж биеэрээ үлгэрлэдэг байлаа шүү дээ. Энэ офицер шиг сайхан офицер, сайн дарга болох юмсан гээд л хичээдэг байсан. Одоо өөрийнхөө удирдлагад ажиллаж байгаа офицерууддаа үлгэр дуурайлалтай байх гэж хичээж, ажил, албаны шаардлага тавьдаг даа.

-Та өөрийнхөө сонирхлоор цэргийн хүн болсон уу?

-Бидний бага байхад зах зээл дөнгөж гарч байсан. Дайн байлдаантай кино их гардаг байсан учраас цэргийн хүн болох гэж мөрөөддөг байсан. Мөрөөдлийн дагуу энэ мэргэжлийн сонгосон.

-Хэрэв цэргийн мэргэжил сонгоогүй бол ийм мэргэжилтэй болох байсан гэж төсөөлж байсан уу?

-Төсөөлж байгаагүй. Манай удамд цэргийн мэргэжилтэй хүн байхгүй. Манай аав 9-лээ, ээжийн тал 11-лээ их өнөр өтгөн. Хоёр талд цэргийн мэргэжилтэй хүн байхгүй. Цэргийн хүн гээд авга нагац талынхан хүндэтгэлтэй ханддаг.

-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн вэ. Аль нутгийнх вэ?

-Би Өвөрхангай аймгийн Өлзийт сумын хүн. Аав маань Өвөрхангайн хүн. Ээж маань Ховд аймгийн хүн. Манай аав ээж хоёр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын уурхайд ажиллаж байхдаа танилцаж гэр бүл болж байсан гэсэн. Том эгч төрсний дараа Шарын голоос Өвөрхангай аймаг руу шилжиж байсан гэсэн. Өвөрхангай аймагтаа өсөж хүмүүжээд цэргийн сургуульд элсэж төгсөөд нэлээд олон анги байгууллагад ажилласан.

-Сургуулиуд төгсөөд өөрсдөө ажиллах анги сонгодог уу. Эсвэл шууд томилолтоор явдаг уу?

-Томилж явуулдаг. Одоо бол харьцангуй өөр болсон байна лээ. Төрсөн нутагтай ойролцоо анги салбарт томилдог болсон. Бид нарын мэргэжил шаардлагатай байгаа анги руу томилдог байсан.

- Та эхээс хэдүүлээ вэ?

-Би эхээсээ 4- лээ. Том эгч гэрлэх ёслолын оронд ажилладаг. Миний доод талын дүү Хөгжим бүжгийн сургууль төгссөн морин хуурын чуулгад ажилладаг. Бага дүү маань Өвөрхангай аймагт төрийн албанд ажилладаг. Манайхан чинь салбар салбарт л ажилладаг даа. Цэргийн мэргэжил хэцүү мэргэжил учраас хүүхдүүдээ цэргийн хүн болгоно гэж боддоггүй. Мэдээж өөрсдөө сонирхвол бас хорихгүй ээ. Би чинь Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Төв аймаг гээд цэрэг дагаж нүүдэллэсээр манайд бараг бүтэн тавилга үлдээгүй байх шүү. Тушаалаар ажилладаг учраас  нэг газраа суурин байх нь ховор. Гэхдээ би энэ ажлаараа, энэ албаараа үргэлж бахархдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Н.Лхагвасүрэн: Монголын цэргүүд үүрэг гүйцэтгэлтээр дэлхийд танигдсан  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 9 цаг 49 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
колон [127.0.0.xxx] 10 цаг 41 минутын өмнө
одоо армиа байлдааны халуун цэгт байлдуулж туршлага суулгамаар л байх юмаа дандаа натогийн цэргийн манаачаар алба хаалгаадл дундаас нь бхя авлига шаагаадл тэрийгээ НҮБ ын цэрэг гэж шаах юмаа

Бидэнтэй нэгдээрэй