
Улсын онцгой комиссын хуралдаанд холбогдох яам, байгууллагуудын өгсөн мэдээллээс үзвэл энэ жил улсын хэмжээнд 153 мянган малчин өрхийн 60 сая мал өвөлжих бөгөөд үүний долоон сая орчим нь отроор өвөлжихөөр байна.
Дулааны станцууд 12-40 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Тодруулбал ТЭЦ-IY 18, ТЭЦ-III 12, ТЭЦ-II 9 хоногийн, Дархан, Эрдэнэт, Амгалангийн станц 27-40 хоногийн нөөц бүрдүүлжээ.
Автозамын засвар, арчлалтын ажлын өвөлжилтийн бэлтгэл 95 хувьд хүрсэн байна. Цасанд боогдох магадлалтай хэсгийн судалгаа гарган, Ховд-Булган-Улсын хил чиглэл, Ховд-Алтай чиглэлийн замд цасанд боогддог хэсэгт хамгаалах далан хийжээ.
Хуралдааны эцэст Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг, даалгавар өглөө.
Малын хөдөлгөөнийг хязгаарлах, малчдын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, бүртгэлтэй болгох, малчдыг даатгуулах ажлыг сурталчилах, орон нутгийн өвс, тэжээлийн байршлыг оновчтой хийхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.
Эрчим хүчний салбарт тохиолдож болзошгүй гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх, төв, суурин газрыг эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цасанд боогддог, улсын болон орон нутгийн зам, давааг байнгын нээлттэй, бэлэн байдалд байлгах зэргийг холбогдох сайд нарт даалгав.
Энэ сарын 10-ны байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өвчилсөн хүмүүсийн 93 гаруй хувь нь бага насны хүүхдүүд байна. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол явуулах, аймаг, сум, дүүрэг, багийн төвөөс алслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвөлжиж байгаа айл, өрх, бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, тахир дутуу болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа гаргах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэн, удирдлага, зохион байгуулалтаар хангахыг салбарын сайдад үүрэг болголоо.
Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгохтой холбоотой зардлыг эхний ээлжинд нөөц хөрөнгөөсөө гаргах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хангалтгүй ажилласан байгууллага, албан тушаалтнуудад хариуцлага тооцох, отрын бүс нутагт өвөлжиж буй малчдаас орон нутгийн иргэд малын хөлийн татвар нэхэх, дарамтлахаас урьдчилан сэргийлэх зэргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Онцгой байдлын алба байгалийн гэнэтийн аюулт үзэгдлийн үед хүн хүч, машин техникээ байнгын бэлэн байдалд байлгах, хүнд нөхцөл, гамшгийн голомтод олон хоногоор ажиллаж буй албан хаагчдын хувцасны нөхөн хангалтыг хугацаа харгалзахгүй хийх, Улсын нөөцийн өвс, тэжээлийг нэмж байршуулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээлээ.
Мал, амьтны гоц халдварт өвчин гарсан зүүн болон төвийн бүсийн аймгуудад амьд малын худалдаа, дамжуулан тээвэрлэх болон мал, малын гаралтай түүхий эд, мах махан бүтээгдэхүүнд тавих хяналт, шалгалтаа чангатгах, гарал үүслийн гэрчилгээ, ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг холбогдох байгууллагад даалгалаа.
Онцгой комиссын шуурхай бүлэг байгуулав
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тушаал гарган улсын хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шийдвэр гаргах эрх бүхий Онцгой комиссын шуурхай бүлгийг томиллоо.
Шуурхай бүлгийн ажлын хоёр хэсэг баруун болон төвийн аймаг, зүүн болон говийн бүсэд ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байна | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.