Манай улс бэлчээрийн талбайгаараа дэлхийд эхний 10-д багтдаг мал аж ахуйн орон. Тиймдээ ч улс орны нийгэм, эдийн засгийн тулгуур, тулгын чулуу нь хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуй билээ. Нэг зүйл бий. Бэлчээр гэхээр бид зөвхөн малчдын л асуудал гэж бодож магадгүй. Харин бэлчээр бол 3.2 сая монгол хүний ам руугаа хийж байгаа хоол хүнсний эрүүл аюулгүй байдалтай холбоотой. Нөгөө талд уудам тал нутагтаа мал аж ахуйгаа эрхэлж буй 290 мянган малчин өрхийн амьжиргаа, амьдралын баталгаа юм. Тэр бүү хэл таван хошуу мал тэднийг тааваар нь адгуулж буй хөдөөний хөх малчид нэг цөм болж хэдэн мянган жилийн түүхтэй нүүдэлчин монголчуудын өв соёл, ололт ондоошлыг агуулж буй уламжлал юм. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт байгаль цаг уурын нөлөөгөөр малын бэлчээр улам бүр хумигдаж, доройтож, шимт өвс ургамал нь хагдарч ховордож байна. Тэр хэрээр малчдын амьжиргаа, амьдралын чанар муудсаар.
Монгол Улс агаарын температурын жилийн дунджийн дулаарлаар дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа. Тодруулбал, дэлхийн дундаж 1.5 бол манайх 2.4 градус дулаарч байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр энэ нь 30 градусаас дээш халуун өдрийн тоо нэмэгдэх, намар орой болтол дулаан байх, хөрсний чийг алдагдах, хавар эрт дулаарах, ургамалгүй байх үед хөрсний өнгөн хэсэг гэсэх зэрэг маш олон сөрөг үр дагавартай буюу уур амьсгал халангуут хөрсний өнгөн хэсэг хатах нөлөөтэй. Үр нөлөө нь бэлчээрийн доройтол руу гүн гүнзгий хөтөлж буй юм.
Анзаарсан бол цөлжилтөд өртөж буй аймгуудад хангай нутаг ч багтсан байна. Цөлжилт уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг болохыг Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцоос тодорхойлсон байдаг. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй 10 улсын нэг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад газрын доройтол, усны хомсдол, зудын давтамж, цар хүрээ нэмэгдсээр байгаа. Сүүлийн 80 жилд Монгол орны хэмжээнд дунджилсан байдлаар жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ найман хувиар буурсан нь ч судалгаагаар нотлогдоод байна.
Говь нутгийн цөлөөс бусад хэсэг нь доройтон цөлжиж буй. Харин цөл бол байгалиасаа хуурай, хур тунадасны хэмжээ маш бага тооцогддог газар зүйн тогтоц. Цөл угаас байгалиасаа заяамал газар зүйн тогтоц учир бид яаж ч хичээгээд цөлийг хангай газар болгон хувиргаж чадахгүй. Харин хүний нөлөө, уур амьсгалаас болж доройтон цөлжиж буй газрыг бид аварч чадна. Газрын доройтлыг зогсоож чадахгүй ч удаашруулах боломж бидэнд бий. Үндсэндээ байгаль дэлхий, газар нутгаа хамгаалж чадвал мал, малчны ахуй амьжиргаа сайжирна.
Тогтвортой байна. Харин өдөр ирэх тусам цөлжиж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй газар нутаг, байгаль дэлхийгээ аварч чадахгүй бол малчдын амьдрал доройтож, малаа алдсаар дээр дурдсанчлан хот хүрээг зорино. Эцэстээ тал хээр эзгүйрч, таван хошуу малаа өсгөж үржүүлэх боломжгүйд хүрнэ. Тиймээс яг одооноос ус, ургамал, бэлчээрээ хамгаалах хэрэгтэй. Харин энэ боломжийг COP17 хурлын индэр манайд олгох юм.
-COP17 хурлын бас нэг өгөөжийг, байгаль хамгаалалтай уялдах том боломжийг малчид хүртэнэ-
Олзуурхууштай нь, дэлхий нийт тун удахгүй Монголын цөлжилтөд чих тавина. Тодруулбал, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал энэ наймдугаар сард Монгол Улсад болно. Тус конвенцод нэгдэн орсон талуудын бага хурал хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Хурал 10-12 өдрийн турш үргэлжилдэг. Хуралд нэгдэн орсон 197 улсын Засгийн газар, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл болон сонирхсон бусад төлөөллүүд зэрэг дунджаар 8000 орчим оролцогчтойгоор зохион байгуулагддаг.
Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхтэй холбоотой байгаль орчин, газар, усны нөөцийг хамгаалах, хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд дэмжлэг болох, худалдаа, эдийн засгийн таатай нөхцөлийг бий болгох талаар хэлэлцэнэ. Үүний тулд олон улсын түншлэл, зах зээлийн зохицуулалт, өрийн асуудалд онцгой анхаарч, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө санхүү босгох, технологи, ил тод байдал, чадавх бэхжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцдэг.
Хамгийн гол нь бага хурлыг зохион байгуулагч Засгийн газар болон сонирхсон талууд санал, санаачилга танилцуулан батлуулах эрхтэй байдаг. Дээрээс нь бид 2028 оныг дуустал тус конвенцыг даргална. Ийм олон боломжууд биднийг хүлээж буй. Монгол Улсын тухайд “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ын хүрээнд өөрийн улсад үлдэх байгаль орчны хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртөг бүхий хувьсал, хүлэмжийн хийн шингээлтийн худалдаа, газрын нөхөн сэргээлт, малчдын амьжиргаа, AI технологийг нэвтрүүлэх замаар мониторинг хяналт хийх зэрэг төслүүдийг Монгол Улсдаа хэрэгжүүлэхээр боловсруулаад буй.
Хэрэв энэ санал санаачилга дэмжигдвэл газрын нөхөн сэргээлт эрчимжиж, малаас олох нэмүү өртөг нэмэгдэн малчдын амьжиргаа сайжирна. Ингэснээр малчдын нийслэлийг зорих хөл татарч, малчдын залгамж халаа тасрахгүй. Нэг үгээр говь нутаг эзгүйдэх аюулыг гэтэлгэх боломж бүрдэнэ гэсэн үг юм. COP17 хурлаар дэлхий дахин хурлаар ган, цөлжилт, газрын доройтол, усны асуудлыг хөндөж хөрөнгө оруулж, томоохон төслүүд хэрэгжинэ. Том зургаараа COP17 хурлын бас нэг өгөөжийг, байгаль хамгаалалтай уялдах маш том боломжийг малчид ч хүртэнэ. Ийн малчдыг таван хошуу малтай нь, байгаль дэлхийтэй нь хамгаалах боломжийг алдалгүй ашиглах хэрэгтэй.
Эх сурвалж: “Ногоон пресс” сэтгүүлчдийн нэгдэл
| Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.