
“Монголын радио ярьж байна”
“...Дотор нь хонь майлж, чоно ульж
Долоон бурхны дор хүүхэд уйлж
Долгион дээр нь шувуу хөвж
Дорно өрнө айл саахалт бууж
Морьтон түмний минь унаган дуу хоолой
Монголын радио ярьж байна.
МУСГЗ Цэндийн Чимиддорж
МҮОНР-ийн захирал Бидэрийн Баярсайханыг “Асуулт байна” нэвтрүүлгийнхээ зочноор урьж, ярилцлаа. Бидний ярилцлага уран бүтээл болоод техникийн шинэчлэл, бодлого, хүртээмжийн тухай өрнөсөн юм.
-Сүүлийн үед МҮР-д ирсэн асуулт, санал шүүмжлэлийн олонх нь радио сонсогдолттой холбоотой байна. Радиогийн сонсогдолтыг сайжруулах ямар боломж байна вэ?
-Радиогийн сонсогдолт бол бидний ажлыг хүргэж буй эцсийн үе шат юм. Хуулиараа МҮР-ийн дамжуулах станцыг хариуцдаггүй. “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын үйлдвэрийн газар хариуцдаг гээд тайлбар өгөөд байвал амархан. Гэхдээ энэ бол бидний ажлын үр дүн учраас бидний байнга санаа зовж байх асуудал мөн. Радио зарим газар нутагт тасардаг, долгион нь сарнидаг байдал хэд хэдэн гадаад хүчин зүйлээс үүдэлтэй. Нэгдүгээрт, Улаанбаатарын хувьд богино долгион 106 дээр явж байгаа. Ерөнхийдөө манай fm радиогийн хүчин чадал муудсан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилж чадаагүйтэй холбоотой. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод шугамын радио хомсодсон. Хөдөө орон нутагт бас л хүлээн авагч ховордсон. 1990 оноос өмнө үйлдвэрлэсэн вип транзисторууд маш цөөхөн болсон. Нөгөөтэйгүүр Монгол орны хувьд таван газарт дахин дамжуулах станц байгаа ч бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байна. Үүнээс болоод 300 км-ийн радиуст радиог хамгийн өндөр хүчин чадлаар түгээх ёстой газар 100 км радиуст цацахаар 200 км-ийн радиуст байгаа айлуудад очиж байгаа долгионы чанар маш муу хүрч байна. Долгионы чанар нь муу, дээр нь хүлээн авагч нь муу. Ийм бодит шалтгаанууд байгаа юм.
-Энэ талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна уу?
-Гарц хайж ажиллаж байна. “Радио телевизийн үндэсний сүлжээ” гэдэг байгууллага хуулиараа Монгол Улсын Засгийн газраас санхүүждэг төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Яг үнэндээ гол шалтгаан бол дамжуулах техник хэрэгсэл бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байна. “Радио телевизийн үндэсний сүлжээ” бидэнд “Бид маш өндөр хүчин чадалтай, цахилгаан их зарцуулдаг, өндөр үнэтэй ламп ашигладаг. Энэ лампуудыг ээлжээр асаахгүй бол ямар ч сэлбэг байхгүй. Бүгдийг нь асаавал их цахилгаан зарцуулж, хөрөнгө их гардаг” гэсэн албан бус тайлбар өгдөг. Ийм байдлаар хагас хүчин чадлаар ажиллаж байгаа болохоор сүлжээ хүрэлцэхгүй байна. Энэ нь давагдашгүй хүчин зүйл болоод байгаа ч гарц хайж байгаагаа сонсогчдодоо дуулгая. МҮР-ийн эфирийг 21 аймгийн төв, төвлөрсөн 30 сум, сууринд 105.5 долгионоор давхар дамжуулж байна. Ерөнхийдөө сум, суурин газарт Монголын радио хэвийн хэмжээнд сонсогдож байна гэж ойлгож болно. Харин хөдөөд, төв суурингаас хол сонсогчдын хувьд хүндрэлтэй байгаа нь үнэн. Хамгийн гол нь хүлээн авагчийн хүрэлцээ муу байна. Тиймээс бид DDISH ТВ-ээс их хамааралтай болоод байгаа. Радиогийн уртын долгион байхгүй тохиолдолд хөдөөгийнхөн DDISH-ийн 7-р сувгаар радиогоо хүлээн авч сонсож болно. Малчид улс төр, цаг агаарын мэдээ, мэдээллийг DDISH-ийн хар аппаратаар хүлээн авч байна.
-Хэдийгээр алс газар долгион тархалт тааруу гэх зэрэг бэрхшээл бий ч нэг үеийг бодоход Монголын радиог шугамаар, долгионоор, DDISH-ээр, онлайнаар, гар утсаар гээд олон хэлбэрээр сонсох боломж бий болж байна. Зарим нь энэ хэрэглээг мэдэхгүй байна уу?
-Тийм л дээ. Ер нь одоо сонсогчдын багагүй хувь нь нийгмийн сүлжээ, цахим хэлбэрээр Монголын радиог хүлээн авч байна. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд нөхөж сонсдог болсон. Техникийн бололцоотой болсон учраас долоо хоногийн өмнө явсан нэвтрүүлгийг нөхөж сонсож болно гэсэн үг. Үүнийг бид маш амархан шийдсэн. Үр дүн ч сайн байна. Ямар нэг шалтгаанаар нэвтрүүлэг, мэдээ, хөтөлбөрөө сонсож чадаагүй сонсогч mnb.mn цахим хуудасны радио гэсэн хэсэг рүү ороод өдөр өдрийн хөтөлбөрөөс сонгоод нөхөөд сонсчихно. Долгион бол мэдээжийн хэрэг бидний нэг номерийн асуудал. Алсдаа урт долгионыг халвал хэт богино долгион руу орно. Тоон технологид шилжээд ирвэл хүлээн авагчийн хүртээмж, хүмүүсийн сонголтоо хийх боломж ч сайжирна. Гэвч тоон технологид шилжтэл цаг хугацаа, асуудал бий. Тийм учраас энэ орон зайд сонсогчоо алдахгүй байх нь бидний эн тэргүүний стратеги юм.
-МҮР хөтөлбөртөө шинэчлэл хийж, өдрийн нийт эфирийн цагийн 30-40 хувийг сонсогчдодоо шууд хүргэдэг болсон. Ямар үр дүн гарч байна вэ?
-Радиогийн хөгжлийн чиг хандлагыг харж байхад шууд явуулдаг урсгал радио зонхилж байна. 10 минутын нэвтрүүлгийн зохиол бичээд, эфирт уншуулдаг гэх зэргээр маш их зардал гаргаж бүтээдэг байсан тэр үе өнгөрч байна. Герман, Швед гээд дэлхий нийтээрээ тийм л байна. Өнгөрсөн 2015 онд Монголын радиогийн эфирийн 40 хувийг шууд явуулдаг хэлбэрт шилжүүлсэн нь нэг талаар давуу, нөгөө талаар эрсдэлтэй ажил байсан. Ямар ч байсан МҮОНР-д мэргэжлийн сэтгүүлч, хамт олон ажилладаг учраас үр дүнтэй болсон. Яг үнэндээ их том ажил байсан. Сонсогчдод их том боломжийг нээж өгсөн. Хүмүүс радиог сонсоод таашаал авахаас гадна шууд оролцдог болж байна. Хүмүүсийн эрэлт, хэрэгцээ хангагдаж, эрх ашиг нь хөндөгдөж байна. Дөнгөж сая “Асуулт байна” нэвтрүүлгийн өмнө “Малчны лавлах” нэвтрүүлэг явлаа. Түүнд олон арван хүн утсаар, месссежээр холбоо барьж, мэргэжлийн хүнээс хариулт авлаа. Саналаа ч хэллээ. Түүний өмнө газар өмчлөлийн асуудлаар хууль зүйн “Соёмбо” нэвтрүүлэг мөн л шууд нэвтэрлээ. Тэр нэвтрүүлэгт бас л олон хүн хандаж хариулт авсан. Тухайлбал, би тэр нэвтрүүлэгт хандаж, утасдаагүй ч албаны хүний тайлбар, яриаг сонсоод нутагтаа газар яаж өмчилж авах боломжтой вэ гэдгийг мэдэж авлаа. Энэ бол миний хэрэгцээ. Ийм байдлаар сонсогчид хүссэн мэдээллээ авч болж байна. Энэ утгаараа нэвтрүүлгийн хэрэгцээ ч их байгааг харуулж байна.
-ТВ, сонин хэвлэл шиг гадны нэвтрүүлэг, нийтлэл, зохиолыг орчуулан хүргэх нь радиод тийм ч оновчтой биш байх. Энэ утгаараа Монголын радиогийн бүх нэвтрүүлэг, хөтөлбөр өөрсдийнх нь бүтээл байдаг. Сүүлийн үед танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн ямар томоохон цуврал бүтээл, нэвтрүүлэг бэлтгэж байна?
-Ер нь хараад байхад радио жүжиг их сонирхолтой хэлбэр юм байна. Хуулийн сурталчилгааны, өмч хувьчлал, гэрээ хэлцлийн, малын индексжүүлсэн даатгал, утааны асуудал гээд гадны олон төсөл Монголын радиогоор хэрэгжиж ирсэн. Энэ бүхнийг илэрхийлэх хамгийн дөт арга нь радио жүжиг юм байна. Өгөх гээд байгаа гол мэдээлэл, агуулга, санааг уран сайхны дүрээр дамжуулж хүргэх нь их оновчтой юм байна. Ийм уран бүтээл бол байнга л гарч байдаг.
Сүүлийн үед сонсогчийг татах зорилгоор “Би монгол хүн” цуврал жүжиг хийж байна. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б. Мягмаржав ажиллаж байна. Мөн “Гэр бүлийн явдал” гэсэн жүжиг бий. Их холын зорилго агуулсан жүжиг л дээ. Дэлхийн зарим нэг радиод төгсөшгүй цуврал жүжиг байдаг. Ийм жүжигт бүхэл бүтэн баг ажилладаг, үйл явдал нь тасралтгүй 30, 40 жил үргэлжлэх жишээтэй. Ийм жүжиг нийгмийн амьдралын толь болж бидний амьдралын эерэг, сөрөг асуудал, түүнийг шийдвэрлэж байгаа арга замыг өгүүлдгээрээ онцлогтой. МҮР-ийн “Гэр бүлийн явдал” жүжиг ээж, аав, хүү, охин гэсэн нэг гэр бүлийн дөрвөн хүний амьдралаар нийгмийн амьдралыг харуулдаг. Өнөөдрийн нийгмийн дүр зураг л даа. Жүжиг гурван жилийн хугацаанд нэвтэрсний дараа соёлын том өв бий болно. Ийм зорилго тавьж байна.
Ер нь бид сүүлийн жил гаруй хугацаанд олон том том контентийг гаргалаа. Зургаан цагийн турш шууд хүрдэг, олон агуулга, хэлбэр бүхий “Тэнхлэг” хөтөлбөр бол яахын аргагүй нэг том төсөлт ажил. Малчны, эрүүл мэндийн, нийгмийн, гэр бүлийн санхүүгийн боловсролд зориулсан, улс төрийн, соёлын, мэдээллийн гээд маш олон бүтэц бүрэлдэхүүнтэй хөтөлбөр. “Алтан сан” радио гээд 16 цагийн цоо шинэ эфирийг бий болголоо. Эдгээр нь дандаа цоо шинэ бүтээгдэхүүн юм.
-Зарим сонсогч орчин үеийн дуу, хөгжим сонсохыг хүсч байхад зарим нь жүжиг, яруу найраг, нөгөө хэсэг нь мэдээ мэдээлэл гэх зэргээр өөр өөрсдийн сонирхлоор хэрэгцээт мэдээллээ нэхээд байдаг. Сонсогчдын энэ хүсэлтийг яаж тэнцвэртэй хангахыг зорьж байна вэ?
-Монголын радио анх байгуулагдсан цагаасаа үндэсний мэдээллийн хэв шинжийг агуулж ирсэн. Энэ нь маш олон зорилтот бүлэгт зориулсан мэдээлэл явуулах ёстой гэсэн үг. Хамгийн гол нь зохистой харилцааг яаж барих вэ, ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг нь бидний бодлого, шинэчлэлд байсаар ирсэн асуудал. Хамгийн энгийнээр бодъё. Сургуулийн өмнөх насны боловсролд зориулж “Радио цэцэрлэг” гээд нэвтрүүлэг явуулж байна. Мөн ахмадуудад зориулсан “Буурлуудаа урья” гэсэн нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг. Ингээд бодохоор бүх насныханд чиглэсэн хөтөлбөрийн бодлого явуулна гэсэн үг. Дуу, хөгжмийн хувьд мөн л ижил. Жишээ нь, уртын дуу нэг удаа нэвтрэхдээ 15 минутаас хэтрэхгүй. Гэхдээ өөр, өөр цагт хүргэнэ гэх жишээтэй. Нийтийн дуу, ардын дуу, орчин үеийн, рок поп дуу, дэлхий, Монголын сонгодог хөгжим гээд бүгд л зайлшгүй байна. Цаг хугацааг нь тохируулан нэвтрүүлэх нь чухал.
-МҮОНР олон нийтийн эзэмшлийнх. Хуулиараа бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Сонгууль дөхсөн энэ үед хэрхэн бие даан ажиллаж байна вэ?
-Олон нийтийн радио, ТВ бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн хууль гээд бие даасан хууль бий. Энэ хууль биднийг хараат бус ажиллах бололцоог хангаж өгдөг. Хуулийн дагуу бидний удирдах дээд байгууллага бол олон нийтийн төлөөллөөс сонгогдсон удирдах зөвлөл. Удирдах зөвлөл бидний үндсэн зорилго, стратеги төлөвлөгөөг баталдаг. Бид үүний дагуу л ажилладаг.
-Олон нийтийн радио яаж санхүүждэг вэ. Олон газраас санхүүждэг гэж зарим сонсогч бодож байж болох юм?
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэдэг бол нэг байгуулага юм. Санхүүжилт нь мөн нэг. Манай санхүүжилт гурван хэлбэрээс бүрддэг. Нэгдүгээрт, төсвийн дэмжлэг. Ажилчдын цалингийн 40 хувийг төр засаг хариуцдаг. Хоёр дахь эх үүсвэр нь радио, телевизийн хураамж. Телевиз үзсэний төлөө Улаанбаатарт 1100, аймгийн төвүүдэд 800, сумын төвд 600 төгрөгийн хураамж авдаг. Үүнийг хэлж байна. Гурав дахь нь МҮОНРТ нийгмийн чанартай зар сурталчилгаа явуулах эрхтэй. Мөн ивээн тэтгэгчдийн нэвтрүүлэг байж болно гэж хуульд заасан байдаг. Нийгмийн чанартай зар сурталчилгаа бол нийт эфирийн хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Ивээн тэтгэгчдийн нэвтрүүлэг бол байж болно.
-Хувийн байгууллага арав, хорин хүнтэй ажиллаж болоод байхад МҮОНР яахаараа ийм олуулаа байдаг юм бэ гэсэн асуултыг зарим сонсогч тавьдаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Монголын радио дөрвөн сувгаар өдөрт 54 цагийн хөтөлбөр явуулдаг. 54 цагийн эфир гээд бод доо. 54 цагийн хөтөлбөрийг Монголын радиогийн 55 редактор л явуулдаг. Нэгдүгээр сувгийн 17 цаг, хоёрдугаар сувгийн 16 цаг, гуравдугаар сувгийн 16, дөрөвдүгээр сувгийн таван цагийн хөтөлбөрийг таван ахлах редактор, дөрвөн тоймч, найруулагч, орчуулагч, фондчид гээд 110-хан хүний хүчээр л явуулж байна. Радио үеийн үед сонсогчдынхоо төлөө байсан. Бид “Радиог айл бүрт, хүн бүрт хүргэе” гэсэн зорилго тавьж, шат шатаар ахиж ажиллаж байна.
-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сонсогч хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгүүдийг нэмж явуулж болох уу гэж асуусан байна?
-“Тэнхлэг” хөтөлбөр ажлын бүх өдрүүдэд 12.00-18.00 цагт нэвтэрдэг болсонтой холбоотойгоор цэнгээнт нэвтрүүлэг байхгүй болсон. Үүнийг манай сонсогч гярхай ажигласан байна. Тэгэхээр одоо манайд дутагдаж байгаа орон зай бол энтертайнмент нэвтрүүлэг. Энэ чиглэлээр шинээр олон сайхан нэвтрүүлэг бэлтгэж сонсогчдодоо хүргэнэ.
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сонсогч С.Батбаяр шинээр барьж буй барилга, орон сууцанд радиогийн сүлжээ байрлуулах боломж байна уу гэж асуужээ. Та нар энэ талаар холбогдох газартай нь ярьж үзэв үү?
-Бид шугамын радиог тогтвортой байлгах, хүрээг тэлэх тал дээр сүүлийн тав, зургаан жил тууштай ажиллаж байна. Наад зах нь аймгийн төвүүдэд байсан шугамын радиог устгасан. Энэ бол асар их зардалтай технологи учраас одоо ашиглахгүй, хоцрогдсон гэсэн тайлбарыг хэлдэг. Шинэ барилга, орон сууцанд радиогийн шугам суурилуулдаг болгох гэж бид мөн л олон жил хөөцөлдсөн. Бүр 20 жилийн өмнө л үүнийг ярьж байсан. Тэр үед Монголын радиогийн долгионыг тасралтгүй явуулж байх ёстой гэсэн Засгийн газрын тогтоол хүртэл гаргуулж байлаа. Хамгийн сүүлд 2011 онд Ц.Дашдорж Барилга, хот байгуулалтын сайд байхдаа шинээр баригдаж байгаа орон сууцнуудад шугамын радио оруулна гэсэн тогтоол гаргуулсан. Учир нь радио үндэсний аюулгүй байдлын нэг элемент. Үер, ус, гал гэх мэт аюулын үед радио дохио чухал үүрэгтэй. Тиймээс шинээр баригдаж байгаа газар бүр шугамын радио оруулна гэсэн тогтоолыг 2011 онд гаргасан байсан. Харамсалтай нь энэ тогтоол хэрэгжээгүй.
-Чингэлтэй дүүргийн сонсогч, өндөр настан Ж.Самбуу “Ногоон нүдэн лам” романыг радиогоор нэвтрүүлж өгөөч гэж хүсчээ. Сонсогчийн асуултанд хариулна уу?
-Бид харьцангуй он цагийн шалгуур давсан сонгомол бүтээлүүд буюу Монгол романыг явуулах бодлого баримталдаг. Ямар роман явуулах вэ гэдгийг хамт олноороо сайн ярилцдаг. 70, 80-аад оны үед зохиогдсон маш сайн, томоохон роман, зохиол бүтээл олонд хүрч чадаагүй байх нь бий. Учир нь зохиогч нь бие барсан, түүнийг хэвлэх боломж байхгүй гэх мэтчилэн. Бид тэр залгаасыг л алдагдуулахгүйн тулд “Тунгалаг тамир”, “Оройгүй сүм”, “Газар шороо” зэрэг романыг сонсогчдодоо хүргэх бодлого барьдаг. “Ногоон нүдэн лам”-ыг сайн мэднэ. Сайн зохиол. Тэр романыг худалдаж аваад унших боломжтой. Номын сан, интернэтээс ч уншиж болно.
-Налайх хотын сонсогч Л.Сувдмаа Онцгой байдлын ерөнхий газар гамшгийн мэдээ өгөхдөө нэвтрүүлгийн дундуур орж ирээд таг чимээгүй болгодог. Үүнийг өөр шугамаар оруулж болдоггүй юм уу гэж асууж?
-Яагаад шугамын радио байх ёстой вэ гэхээр үндэсний аюулгүй байдлын элемент гэж би хэлсэн. Радио гал, ус, гамшиг, бороо, цас, байгалийн онц ноцтой үзэгдэл болоход мэдээлэл хүргэх хамгийн чухал хэрэгсэл болдог. Энэ утгаараа Онцгой байдлын ерөнхий газар манайхтай хамтран ажиллаж байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу онцгой байдлын дохио манайд байрладаг болсон. Сонсогчид манайд энэ талаар нэг биш удаа хандсан л даа. “Жирмийн сүлжээ” нэвтрүүлгийн дундуур орой болгон онцгой байдлын дуут дохио орж ирээд байх юм. Өөрчилж өгөөч гээд. Үүнийг сонсогчид маань ойлгож явахаас өөр арга байхгүй. Учир нь ямар нэгэн гэнэтийн аюул осол боллоо гэхэд энэ дуут дохио маш чухал.
Б.Баярсайхан: Хоног хорин дөрвөн цагтай бол Монголын радио 54 цагтай | ||
Үзсэн: 2006 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.