
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болж, хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан хоёр орны Засгийн газрын төлөөлөл оролцсон Хамтарсан хорооны анхдугаар хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. Ингэснээр тус хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Талууд хэлэлцээрийн хамтарсан хорооны үйл ажиллагааны дүрэм, журам болон барааны худалдаа, гарал үүслийн талаарх үйл ажиллагааны журам зэргийг баталж, тарифын хөнгөлөлт олгох барааны болон гарал үүслийн гэрчилгээ, квотын гэрчилгээ зэрэг асуудлаар мэдээ, мэдээлэл харилцан солилцож, баталгаажуулав.
Энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал, иргэд хоорондын харилцан солилцоо нэмэгдэхээс гадна Монгол Улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид холбогдох чухал ач холбогдолтой.
Монгол улсын хувьд японы хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ Японоор дамжуулж бусад гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ /Production network/, эдийн засгийн хэлхээ холбоо /Economic Connectivity/-нд нэгдэх боломжтой болох юм.
Хэлэлцээрт заасны дагуу монголын талаас 5,700, японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан импортын гаалийн татвараас шууд болон үе шаттайгаар чөлөөлөх юм. Ингэснээр Талуудын бизнес эрхлэгчид гарал үүслийн гэрчилгээ бүхий барааг хөнгөлөлттэй тарифын нөхцөлөөр тус тусын зах зээлд нийлүүлэх юм.
Цаашид Хамтарсан хорооны дэргэд 13 дэд хороо байгуулагдаж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцан ажиллана. Ингэснээр Монгол Улс, Япон Улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх байнгын зөвлөлдөх механизм бий болж байгаа юм.
Эх сурвалж: Гадаад хэргийн яам
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ | ||
Үзсэн: 2122 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.