Шууд Chart

Р.Сүхболд: "Нийслэл хүүхэн" киноны дүрийн хөдөлгөөн манай найруулагчийн санаа

2025-04-01 17:36:42

Инээдмийн баярыг тохиолдуулан Тагтаа буюу Р.Сүхболдтой ярилцлаа.

-“Ин да хаус 3” уран сайхны киногоо нээсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-“Ин да хаус 3” киноныхоо нээлтийг 3-р сарын 6-нд хийсэн. Хүмүүс маш их үзээд, ам сайтай байна. Их сайхан байна. Киноныхоо маркетинг хийгээд явж байна.

Жилийн өмнөөс киноныхоо зохиол дээр ажиллаж байгаад өнгөрөгч оны 9-10 сард сарын хугацаатай Солонгос улсад кино зураг авалтаа хийсэн.

-Кино зохиолоо өөрсдөө бичсэн үү?

-Тийм. Манай F студийн Найруулагч н.Амартүвшин гэж залуу зохиолоо бичээд найруулагчаар нь ажилласан. Бидний бүтэн жилийн хөдөлмөр.

-Кино зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Кино зураг авалт нийтдээ 35 хоног л үргэлжилсэн. Зурагт авалт зуун хувь Солонгост хийгдсэн. Монголд зураг авалт бараг хийгдээгүй.

-Жүжигчдийн хувьд ямар хүмүүс тоглосон бэ?

-Солонгосын А зэрэглэлийн Ён Жи мүн, Амьдралын ээдрээ” киноны Санду гэж эсрэг талын дүрд тоглож байсан жүжигчин гээд нийтдээ долоо найман солонгос жүжигчид манай кинонд тоглосон. Мөн Солонгост сурдаг Монгол оюутнууд оролцон тоглосон. Монгол талаас жүжигчид гэвэл өмнөх 2 ангид тоглосон Жижгээ, Зоригоо, Баясаа, Цогтоо, Тагтаа гэсэн жүжигчид тоглосон. Кино нээлтэд солонгос жүжигчид маань ирж оролцсон.

-Танай продакшн хэчнээн кино хийгээд байна вэ?

-Манай хамт олон Ин да хаус 1,2,3, Хэрмэл жүжигчид гээд нийтдээ 4 бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээгээд байна. 

-Продакшныхаа уран бүтээлчдийг танилцуулбал?

-Манай Цогтоо Эмоци продакшнд Баясаа, Зоригоо хоёр X-ТҮЦ продакшны тайзны уран бүтээлд ажиллаж байна. Манай Жижгээ бол Маск продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан.

-Солонгос жүжигчдээ яаж сонгосон бэ?

-Бид Солонгос талын продакшндаа “Сэргэлэн охин” Янсунд тоглосон Хан Гэтэйг тоглуулмаар байна гэж санал тавихад энэ жүжигчин маш их амбиц өндөртэй, гээд цаанаас сонгож болох жүжигчдийн санал тавьсан.  Ингээд тэр саналд та бидний мэдэх “Амьдралын ээдрээ” киноны Санду, мөн Ёнжимун гээд эсрэг дүрийн эхний 10-т багтдаг жүжигчин байсан. Тэгээд л энэ хоёр хүнийг сонгосон.

Түүнээс өөр жүжигчин сонгоё гэвэл төсөв мөнгө маш их хэрэгтэй юм билээ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийн гэдэг л болсон.

-Кино яг зохиолын дагуу явсан уу. Зохиолоос зөрсөн зүйл бий юу?

-Байхгүй. Зохиол яаж бичигдсэн тэрний дагуу л хийгдсэн. Мэдээж хүний нутагт хийгдсэн учраас асар өндөр хариуцлагатай байсан. Тухайлбал, хүн барьцаалдаг зураг авалт хийгдэж байхад солонгосын цагдаа нар ирээд л юу болоод байна гээд Бусан хотыг цагдаа нар тэр чигээр нь бүслээд, цагдаа нар нь хоорондоо яриад энд хүн хулгайлж байна гээд бөөн асуудал болсон. /инээв/  Цагдаагийн 10-аад машин ирсэн зүйл ч бий. Энэ асуудлыг манай солонгос талын продакшн албан ёсны зөвшөөрлийг харуулаад кино зураг авалт хийж байгаа юм гэж цагдаа нарт тайлбарлаж өгсөн.

-Ин да хаус цаашаа үргэлжлэх үү?

-Ямар ч байсан “Ин да хаус 3” кино маань Монголдоо гараад, БНСУ-д удахгүй нээлтээ хийнэ. Дөрвөн сарын сүүл, таван сарын эхээр БНСУ-ын 200 гаруй кино театраар гарна. “Ин да хаус 4” хийх эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ хийх магадлал маш өндөр байгаа.

-Таны анхны уран бүтээл хэдэн онд байсан бэ?

-Анхны уран бүтээл гэвэл МҮОНТ-ийн Хэцүү анги монголын анхны олон ангит кинонд 2009 онд проб өгч тэнцээд тоглож байлаа. Ер нь хэцүү анги кинонд тоглосноор жүжигчин мэргэжлийг сонгох гол шалтгаан болсон.

-Их сургууль төгсөөд анхны бүтээл гэвэл юу байна вэ?

-Би 2015 онд СУИС-ийг төгссөн. Guys хамтлагийн дуучин А.Төгсбаяр ахын найруулсан “Улаанбаатар би чамд хайртай” олон ангит кинонд Цолмон гээд дүрд Эмоцийн Жерритэй үерхэж байгаа хосууд болж тоглож байсан.

-Та ямар жанрын кинонд тоглодог вэ?

-Ерөнхийдөө инээдмийн, эерэг төрлийн гол дүр ч юм уу туслах дүрд санал ирдэг. Голчлон инээдмийн кинонд санал ирдэг.

-Таны өөрийн сонирхол юу байна вэ?

-Өөрийн сонирхол мэдээж жүжигчин мэргэжилтэй учраас аль жанарт тоглож үзмээр байна. Уйлуулдаг драмын кинонд ч юм уу, гоё түүхэн кинонд баатрын дүр бүтээх ч юм уу хүний хүсэл хязгааргүй шүү дээ. Их л зүйлийг бодох юм. Бодож явахад болох байхаа.

-Тагтаа гэж таны уран бүтээлийн нэр үү, бараг таны жинхэнэ нэр шиг байна. Яаж яваад ийм нэртэй болсон бэ?

-2009 онд хэцүү анги кинонд тоглохдоо Тагтаа гэдэг нэртэй болсон.  Тагтаатай ямар адилхан юм бэ гээд МҮОНТ дээр өгсөн. Тухайн үед Тагтаатай л адилхан байсан юм байлгүй. /инээв/ Би өөрөө  ч юм боддоггүй байсан. Сүүлдээ хүн болгон Тагтаа Тагтаа гэдэг болсон. Манай их сургуулийн багш нар хүртэл овог нэрээр дуудахгүй Тагтаа л гэдэг болсон. Тагтаа гэдэг нэрэндээ маш их хайртай. Энэ бол эцэг эхээс заяасан нэр биш ч гэсэн яалтчгүй гадуур явахад хүмүүс Тагтаагаар л мэддэг. Манай охин хүртэл аавыг нь хэн гэдэг вэ гэхэд цэцэрлэгийнхээ багшид аавыг маань Тагтаа гэдэг гэсэн байсан. /инээв/

-Олон ангит кинонд дүр бүтээхэд жүжигчнээс их ур чадвар шаарддаг байх тэ?

-Тийм шүү. Ер нь олон ангитай кино жүжигчнээс хувийн сахилга бат, хариуцлага өндөр шаарддаг. Яагаад гэхээр 20 ангитай кино зураг авалт байлаа гэж бодоход өнөөдөр 20-р ангийн зургийн аваад маргааш нэгдүгээр ангийн зураг авлаа гэхэд анги хооронд үс, хуруундаа бөгж зүүсэн бол киноны турш зүүх, хувцсаа зөрүүлж болохгүй гэх мэт маш нарийн хандах шаардлагатай. Ингэхийн тулд дэвтэр дээр бичих ч юм уу тэмдэглэл хөтлөдөг. Маш хариуцлагатай байхгүй бол олон ангитай кино маш хэцүү байдаг.

-Эмэгтэй дүрийн санал тавьбал хүлээж авах уу?

-Мэдэхгүй байна. Хүлээж авах байхаа гэж бодож байна. /инээв/ Одоо хүмүүсийн хэл ам аягүй хэцүү болчихсон. Муу хошин шогийнхон, инээдмийн юмнууд, та нарыг хэн үздэг юм, алиа салбадай нар гээд л... Энэ чинь яалтчгүй бидний мэргэжил учраас найруулагч юу хий гэж хэлнэ тэрийг л хийх үүрэгтэй. Хэрвээ эмэгтэй дүрийн санал ирвэл нэг бодож үзээд  л тоглох байх.

-Таны хувьд инээдмийн жанарт их тоглодог. Дөрвөн сарын нэгний инээдмийн баярыг тэмдэглэдэг үү?

-Дөрвөн сарын 1-нийг тийм сүртэй баяр болгож тэмдэглэж үзээгүй.

-Жүжгийн хөдөлгөөн их өвөрмөц байгаад байдаг тэ. Өөрийн чинь санаа юу. Дүрдээ яаж бэлддэг вэ?

Тийн. Ер нь нэг кинонд тоглоход ямар нэгэн байдлаар дүрээ яаж хөгжүүлэх вэ, энэ дүрийг ингэвэл хөөрхөн юм байна гээд найруулагчдаа санал тавьдаг. Найруулагч маань зөрүүлээд жүжигчиндээ ингэвэл гоё юм байна, тэгвэл гоё юм байна гээд ярилцдаг л даа. Тухайлбал, Нийслэл хүүхэн киноны дүрийн хөдөлгөөн манай найруулагчийн санаа.  Найруулагч маань миний гарыг бариад байсан юм. Чиний гар аягүй памбагар юм. Чи хоёр гараа хацартаа бариадахдаа гээд л хэлсэн би гараа барьсан. Тэгтэл найруулагч маань өө яг наадах чинь шүү дээ гээд “Нийслэл хүүхэн” кинонд хоёр гараа хоёр хацартаа нааж гайхдаг тийм дүрд тоглосон. Ингэсэн нь миний дүрийг илүү тодотгож өгсөн юм болов уу гэж боддог. Бүх дүрд ажиллахад жүжигчний ажиллагаа их шаарддаг.

-Та кино найруулах, кино зохиол бичих бодол бий юу?

-Би ёстой кино зохиол бичихгүй. Хүн ер нь хийдэг хийдэг юм аа л хийх ёстой юм билээ. Найруулах амбиц бол дотор байна. Мэдээж нас ахиад ирэхээр ганц нэг кино найруулж үзэх байх гэж боддог. Өмнө нь найзтайгаа хамтраад IPTv-д нэг кино найруулаад үзсэн. Ерөнхийдөө найруулагчийн ажил маш хүнд. Найруулагч гэдэг бол маш их зүйлийг судалж мэдсэн байх шаардлагатай. Найруулагч болох, нэр алдартай болох бодол байхгүй. Зүгээр нэг гоё киног өөрийнхөө хэмжээнд найруулаад хийх бодол байдаг.

-Та Мааz гээд хамтлагтай шүү дээ. Энэ талаараа ярьвал?

-Гитар барьвал дуулчихдаг. Оюутан байхдаа Мааз гээд хамтлагтай байсан. Хэцүү анги киноны Жанчив, Төмрөө, Минжээ бид 4 хамтлаг байгуулаад GUYS хамтлагийн А.Төгсбаяр ах ерөнхий продюсер нь байсан. 2012 онд Би дурламаар байна гэж хамгийн анхны дуугаа цацаж байлаа. Тухайн үед хит дуу болж байлаа. Бид  12 дуутай. Бараг л цомог хийх хэмжээний дуутай болсон байна. Манай хамтлагийнхан бүгд дуулаачаар төгсөөгүй жүжигчнээр төгссөн хүмүүс байдаг. Бүгд төгсөөд ар гэр , тус тусын ажилтай болсон учраас байнга уулзалдаад байж чадахгүй болсон. Ингээд бидний дууны уран бүтээл тэр болгон гарч чадахгүй л байна. Гэхдээ бид 15 жилийн ойгоороо багахан хэмжээний тоглолт хийх бодол бий.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Ховд аймгийн Мөст сумын хүн. Есөн настайдаа Улаанбаатар хотод орж ирээд соёлын шоконд орж байлаа.  

-Удамд нь жүжигчин хүн бий юу?

-Байхгүй. Манай ээж бол соёлын тэргүүний ажилтан улсын тэргүүний уран сайханч хүн байдаг. Ээж маань сумын соёлын төвд ёочин хөгжимчин хийдэг байсан. Аймагтаа бие даасан тоглолтоо ч хийж байсан. Манай ээж морин хуураас бусад бүх төрлийн хөгжим тоглодог тэр ген надад суугаад урлагт хайртай дуртай хүү байж байгаад СУИС-т орсон юм болов уу гэж боддог.

-Хүүхэд насаа дурсвал урлаг их авьяастай байсан уу. Спорт сонирхдог уу?

-Спорт сонирхдоггүй шдээ. Би бөмбөгтэй бүх юманд дургүй. /инээв/ Ер нь спортоор хичээллэх сонирхолгүй. Магадгүй сагс, волейболлоо тоглосон бол тухайн үед өндөр болох ч байсан юм билүү. Миний бие бялдарыг харахад спортлог бус байгаа биз. /инээв/ Арван жилд байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгийг найруулах гэх мэт урлагтай холбоотой бүх зүйлд оролцдог байлаа. Ингээд л жүжигчин болсон.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Фитнессээр хичээллэх маягтай л байна.  Ер нь гэр бүлдээ зориулахыг л хичээж байна.

-Гэр бүлийнхээ талаар ярьвал?

-Манай эхнэр гаалийн байцаагч нягтлан мэргэжилтэй М.Алтанзул гэж хүн бий. Эхнэр гурван охины хамтаар амьдарч байна.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Ундармаа

Р.Сүхболд: "Нийслэл хүүхэн" киноны дүрийн хөдөлгөөн манай найруулагчийн санаа  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй