Шууд Chart

Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн Сантай “Ногоон сургууль” санаачилгын талаар санал солилцлоо

2026-08-21 14:39:46

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастелийг хүлээн авч уулзан, “Ногоон сургууль” санаачилгыг өргөжүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Ногоон сургууль” санаачилга нийслэл болон орон нутагт хэрэгжиж байна. Тухайлбал, Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэг газрын гүний дулаан болон нарны эрчим хүчийг хослуулан ашигласнаар жилд 168 тонн нүүрс түлэхгүй болж, 417.5 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлаас сэргийлж байна. Ингэснээр жил бүр 120 сая орчим төгрөгийн зардал хэмнэж байгаа аж.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургууль нарны цахилгаан үүсгүүр, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн сайжруулсан үйлчилгээ, гидропоник тариалалт, агаарын чанарын хяналт, эко клуб, ногоон байгууламж болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хослуулсан цогц шийдлийг хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй “ногоон сургууль”-ийн жишиг болжээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд мөн “Ногоон сургууль”-ийн цогц загвар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус сургуульд 50 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр суурилуулахын зэрэгцээ ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулж, ус болон агаарын чанарын хяналт, дотор орчны гидропоник тариалалт, эко клуб, ногоон байгууламж, сургуулийн орчин болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шийдлийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газар улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгохоор ажиллаж байгааг онцлоод, НҮБ-ын Хүүхдийн Сантай ногоон сургуулийн стандарт нэвтрүүлэх, олон улсын санхүүжилт татах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт илэрхийллээ.

Тэрбээр “Ногоон сургууль” нь зөвхөн эрчим хүчний хэмнэлттэй барилга бус, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтыг хэрэгжүүлэх иж бүрэн шийдэл болохыг тэмдэглэв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Биате Дастел Засгийн газрын “Ухаалаг, ногоон” сургуулийн санаачилга НҮБ-ын хөтөлбөрүүдтэй уялдаж байгааг хэлээд, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Талууд хамтарсан удирдлагын тогтолцоо бүрдүүлэх, санхүүжилтийн механизм бий болгох, техникийн зөвлөгөө, дэмжлэгийг өргөжүүлэхэд анхаарахаар санал солилцсон байна.

Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд дулаан алдагдал их, эрчим хүчний үр ашиг муутай байна. Зарим сургуулийн сарын халаалтын зардал 10-15 сая төгрөгт хүрдэг аж.

“Ухаалаг, ногоон” сургуульд шилжсэнээр эрчим хүчний хэрэглээнээс хэмнэсэн зардлыг анги танхимын дотоод агаарын чанарыг сайжруулах, эко орчин бүрдүүлэх, сургуулийн гадна орчны аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар төлөвлөжээ.

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний нэгдсэн загвар боловсруулж байгаа бөгөөд зөвхөн барилга байгууламжийг шинэчлэх бус сургалтын орчин, технологи, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал болон хүүхдийн оролцоог цогцоор нь сайжруулахыг зорьж байна.


Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн Сантай “Ногоон сургууль” санаачилгын талаар санал солилцлоо  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй