Шууд Chart

Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл

2025-12-22 16:02:19

Дэлхийн эдийн засгийн бодлого тэр чигээрээ “ногоорч” эхэллээ.

Уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай холбоотойгоор хүн төрөлхтөнд дэндүү олон асуудал тулгарч байгаа. 2030 он гэхэд 9 тэрбумд хүрэх дэлхийн хүн амын хоол хүнсний хангамж хийгээд аюулгүй байдал, хэт хуурайшил, цөлжилтөөс хамгаалах, байгаль орчин, экосистемийн тэнцвэрийг хадгалах боломж гээд хар мянган асуудал бий.

Байгаль орчны доройтол эцэстээ эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой байдаг. Газрын тосны компаниуд хорт хий, шингэн хаягдлыг байгальд хаяна. Үүний дүнд бензин, тос борлуулж ашиг олж байхад бусад нь хэрэгцээгээ хангадаг. Харин энэ үйлдвэрлэлийн явцад агаарын бохирдол улам нэмэгдэж, амьсгалын замын өвчлөл ихэсч байх жишээтэй. Иймэрхүү байдал олон улсын хэмжээний худалдаанд ч ажиглагддаг байна. Баян орнуудын хэрэгцээнд зориулж хөгжиж буй орнууд нутаг дэвсгэрээ золиосолдог. Хөгжилтэй орнуудад экспортлох зорилгоор хамгийн тансаг, өндөр үнэтэй сам хорхой үржүүлнэ гэж бодъё. Үүний тулд хиймэл нуур байгуулж эрүүл газрыг ухаж, хэдэн зуун жил бүрэлдэн тогтсон хөрс, ус, мод, ургамлыг хуулан хаядаг. Гэтэл экосистемийг ингэж бүхэлд нь устгаж өөрчилсөн хохирлыг захиалагч үүрэхгүй ээ. Тухайн орон нутгийн иргэд хохирно гэсэн үг. Угтаа бол энэ бүхэн ногоон эдийн засгийн үзэл баримтлалаас тэс өөр үйлдвэрлэл байгаа биз.

Цаашлаад цөөн хэдхэн хүний эрх ашгийн тулд байгаль орчин нийгэм бүхэлдээ хохирдог жишээ олныг дурдаж болно. Амьтны мах, арьс үс, эд эрхтнийг нь, ургамлын шим шүүс, аминдэмийг нь ашиглах гэж, модыг үйлдвэрлэл, ахуйн хэрэглээнд зориулж огтолж устгадаг. Экологийн тэнцвэрт байдлыг хүн төрөлхтөн ийнхүү алдуулснаар эцэст нь хүн төрөлхтний тогтвортой амьдрах, эсэх шалтгаалж байна.

Тэгвэл ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэж юу вэ? Товчхон ойлголт өгье. Ногоон бүтээгдэхүүн гэдэг ойлголт цэвэр үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл юм. Тиймдээ ч “…Үйлдвэрлэлийн явцад байгалийн нөөцийг зүй зохистой ашиглаж, дахин ашиглагдах материалийг түлхүү хэрэглэж, хатуу хог хаягдал, ус, хөрс, агаарын бохирдлоос сэргийлж, хэрэглэгчдэд хор хөнөөлгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал” хэмээн үзэж байна. Түүнчлэн түүхий эдийн олборлолт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, худалдаа, хэрэглээний бүх үе шатанд байгаль орчинд хамгийн бага нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнийг “ногоон бүтээгдэхүүн” гэж тайлбарладаг.

Дахиад жишээ татъя. АНУ хөрсөө буруу технологиор боловсруулаад их хэмжээний газраа ямар ч хэрэггүй болгосон түүхтэй. Эргүүлж сэргээхийн тулд их хэмжээний хөрөнгө зарцуулж сайжруулжээ. Харин Канад буудайн орон. Тэднийх талбайгаа тойруулаад мод тарьж ойн зурвас байгуулсан байна. Хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалах нэг арга энэ. Мөн тойруулж тарьсан мод нь харгана байв. Ингэж хамгаалснаар канадчууд өөрсдийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй буудайн экспортоос өндөр ашиг олдог.

Германчууд ямаа өсгөж үржүүлдэг. Гэхдээ ноолуурыг нь авах гэж биш. Сүү сайтай цөөн тооны ямаагаар сайн чанарын бяслаг үйлдвэрлэж байна. Берлиний захад суурьшдаг 80 ямаатай хоёр эмэгтэйг энэ хотынхон андахгүй. Тэдний үйлдвэрлэсэн ямааны бяслаг “Био” гэсэн чанарын тэмдэгтэй бөгөөд нэг кг-ыг нь 34-40 еврогоор борлуулдаг. Эндээс нэг зүйлийг анзаарав уу. Өнгөрсөн оны тооллогоор Монгол Улсын ямаан сүргийн тоо толгой 27 сая гарчихсан байна. 1990-ээд оноос хойш ноолуурын үнэ өссөнтэй холбоотойгоор ямааны тоо толгой гэрлийн хурдаар үржсэн хэрэг. Мал сүргийн тоо толгойн хэт өсөлттэй холбоотойгоор бэлчээрийн талхагдал, доройтол манай орны хувьд тэргүүн эгнээнд бичигдэх бэрхшээлийн нэг яах аргагүй энэ болоод байна.

Нийтэлсэн: COP17

Ногоон шошго ба цэвэр үйлдвэрлэл  
Үзсэн: 169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй